Байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашиг сайтай монгол сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулж, сарлагийнхаа үүлдэр угсааг чанаржуулж, ашиг шимийг нь улам бүр нэмэгдүүлсэн малчдыг алдаршуулж, дотоодын боловсруулах үйлдвэрүүд, гадаад түншийн харилцааг дэмжин хөгжүүлэх, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Монгол сарлаг” фестиваль 2019.08.17-18-ний өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир сумын Тайхарын талд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сарлагийн баярт Архангай аймгийн сарлагтай нийт сумдын төлөөллөөс гадна 16 аймгийн сарлаг үржүүлэгчид, малчдын төлөөлөл оролцлоо. Мөн сарлагийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болох мах, сүү, арьс шир, хөөврөөр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагууд, үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ авчирч сурталчлан танилцуулснаас гадна энэхүү наадмыг ивээн тэтгэж оролцов.