Хариуцлагатай Нүүдэлчид”- Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих систем”-ийн оролцогч талуудын уулзалт /2019.11.05/ боллоо. Энэхүү уулзалт нь “Монгол малын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, брэнд хөгжүүлэлтийн түүхийг бүтээн баталгаажуулах” зорилготой юм. Ногоон Алт Малын эрүүл мэндийн төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан ШХА–ийн НАМЭМ төслийн талаар товч мэдээлэл өгсөн. Тэрбээр хэлэхдээ “Ногоон алт малын эрүүл мэнд төсөл маань /НАМЭМ/ анх судалгааны жижиг төслөөс эхэлсэн. 14 жилийн дараа гэхэд энэ ажил маань маш том төсөл болсон байна. Ногоон алт төслийн гол зорилго бэлчээр, байгалын экосистемийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилгоосоо хэзээ ч ухарч байгаагүй. Яагаад бэлчээрийг зөв зохистой ашиглах талаар анхаарлаа хандуулан ажиллаж байгаад малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо руу орчихов. Манай Монгол Улсын газар нутгийн 70 хувийг эзэлдэг мал аж ахуйн салбарын экосистемийн тогтвортой ашиглалт бүрэн бүтэн байдлыг хадгалах гэж хичээж ажиллах явцад бидний өнөөдөр хэрэгжүүлж байгаа энэ төслүүдийн санаануудыг олсон юм.