Монгол ахуй, ёс заншил, өв соёлыг дотоодын аялагч болон гадаадын жуулчдад сурталчилан таниулж, байгалийн үзэсгэлэнт газарт ая тухтай амрах боломж олгох “Тэсийн голын Монголчууд” аялал жуулчлалын төслийн нээлт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд /2020.08.12/ боллоо. Цэцэрлэг сумын нутагт орших Булнайн нуруунаас эх аван урсдаг Тэсийн гол нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Завхан аймгийн Асгат, Баянтэс, Тэс, Увс аймгийн Тэс, Баруунтуруун, Зүүнговь сумдын хүн ардыг ундаалж, ОХУ-ын нутгаар урсдаг ч эргэн Увс нуурт цутгадаг тул “Эх оронч гол” хэмээн нэрлэгддэг юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд Завхан аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Увс нуур-Тэс голын сав газрын захиргаа хамтран ажиллана. Санхүүжүүлэгч нь Швейцарын хөгжлийн агентлаг бөгөөд нутгаа гэсэн сэтгэлтэй маш олон хүмүүсийн хичээл зүтгэлээр хэрэгжих энэ төсөл үр шимээ өгнө гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна.
Photo by P.Narandelger