ГИШҮҮН БҮРЭЭ 3 САЯ ТӨГРӨГНИЙ ХАДГАЛАМЖТАЙ БОЛГОНО

 

ГИШҮҮН БҮРЭЭ 3 САЯ ТӨГРӨГНИЙ ХАДГАЛАМЖТАЙ БОЛГОНО

 

 

Сайхан зусаж байна уу, Та өөрийгөө танилцуулна уу?

 

 

Намайг Пүрэвийн Цогбадрах гэдэг. Ховд аймгийн Дөргөн сумын “Мөнхийн буян өгөөж” ХЗХ даргаар ажилладаг.

 

 

Та хоршооныхоо талаар танилцуулна уу?

 

 

Манай “Мөнхийн буян өгөөж” ХЗХ нь 2017 оны 08 сард 29 гишүүн 14,5 сая төгрөгний хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгээр үүсгэн байгуулагдсан. ХЗХ  эрхлэх тусгай зөвшөөрлөө 11 сард авч үйл ажиллагаагаа 12 сараас эхлэн явуулсан. Манай ХЗХ нь гүйцэтгэх 3 ажилтантай, 7 тэргүүлэгч, 3 хяналтын зөвлөлийн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар 120 гаруй гишүүнтэй, эргэлтийн хөрөнгө 200 сая орчим болтлоо өргөжсөн байна.

 

 

Анх ХЗХ үүсгэн байгуулах санааг тань БАХ-н ахлагч нар болон малчид хэрхэн хүлээж авч байсан бэ?

 

 

Анх хадгаламж зээлийн хоршоог байгуулах тухай санааг хэлэхэд манай сумын малчид хөдөлмөрчид янз бүрээр л хүлээн авч байсан. Энэ нь бас манай суманд ХЗХ гэхээсээ илүү арилжааны банкаар түлхүү үйлчлүүлдэгтэй холбоотой байж мэдэх юм. Харин БАХ-ын ахлагчид, хэсэг малчид  сайшаалтайгаар хүлээн авч зөвшөөрч байсан.

 

 

Хоршоо үүсгэн байгуулахад бэрхшээлтэй зүйл байсан уу? байсан бол…

 

 

Манай суманд ХЗХ-г үүсгэн байгуулаад үйл ажиллагаагаа зогсоож идэвхгүй болсон хоршоо байдаг юм билээ. Иймээс иргэдийн ХЗХ-нд итгэх итгэл нь багассан байсан. Гэвч “Ногоон Алт-Малын эрүүл мэнд” төслөөс хадгаламж зээлийн хоршоо байгуулах тухай сургалтыг манай БАХ-ын ахлагчидтай хамтран зохион байгуулсан нь хүмүүст маш зөв ойлголтыг өгсөнөөр хоршоогоо амжилттай байгуулсан.

 

 

Танай СБАХ-ын дэргэд Хоёр хоршоо байна. Нэг нь Малчдын анхан шатны хоршоо нөгөө нь ХЗХ энэ хоёр хоршоо хэрхэн хоршиж хамтран үйл ажиллагаагаа явуулж байна. Хадгаламж зээлийн хоршоо нь анхан шатны хоршоотойгоо хамтран ажиллаж байна. ХЗХ-г тогтвортой үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш гишүүд бүтээгдэхүүнээ Анхан шатны хоршоогоор дамжуулан борлуулж үнийн дүнгийн тодорхой хувийг ХЗХ-д байршуулан хуримтлалыг бий болгож байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зураг. Малчдын бэлтгэсэн бүтээгдэхүүнүүд

 

 

Малчдын дундын санг ХЗХ руу шилжүүлэхэд гарсан  бэрхшээл ба  хэрхэн шийдсэн талаараа хүмүүсд туршлагаасаа хуваалцана уу?

 

 

Малчдын дундын санг хадгаламж зээлийн хоршоонд шилжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээл гараагүй. Учир нь Ногоон Алт – Малын Эрүүл мэнд төслөөс зохиосон сургалтын үеэр ХЗХ-д хуримтлал үүсгэвэл гарах үр ашиг, боломжит олон зүйлсийг дурьдсан нь малчдад таалагдсан байсан л даа. СБАХ-ийн малчдын хурлаар дундын санг ХЗХ-руу шилжүүлэх саналыг малчид сайшаалтайгаар хүлээн авсан.

 

 

Хоршооны бүх гишүүдийн хурлыг хэрхэн зохион байгуулж байна? Гишүүдийн ихэнх нь малчин болохоор хурлын зар болон мэдээллээ  хэрхэн яаж түгээж байна.

 

 

Хоршооны бүх гишүүдийн хурлыг жилд 2 удаа хийдэг. Бусад үед хоршооны тэргүүлэгчид сард 1 удаа хуралдан шийдвэрээ гаргадаг. Хоршооны бүх гишүүдийн хурлын зарыг гүйцэтгэх албаныхан хариуцаж холбогдох дугаараар, интернэтээр болон холбогдох  боломжгүй  үед биечлэн зар хүргэдэг. Зар хүргээгүй тохиолдолд гүйцэтгэх албан ажилтан зар хүрээгүй гишүүний тоогоор 5’000 төгрөгний торгууль төлдөг. Урьдчилан мэдэгдээгүй, шалтгаангүйгээр хуралд ирээгүй гишүүн мөн 5’000 төгрөгний торгууль төлдөг. Энэ журмыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж баталсан.

 

 

Тайланд болон олон улсын хоршоодоос таны сэтгэлд хамгийн тод үлдсэн зүйл юу байв? Тайланд Монгол 2 орны болон ХЗХ хөгжлийн ялгаа юу ажиглагдсан.

 

 

Тайланд орны хувь гэвэл их халуун орон юм. Бидэн шиг хүйтэн сэрүүн уур амьсгалтай газар амьдардаг хүмүүсийн хувьд их халуун байсан. Эдийн засаг, улс орны хөгжил дэвшил, хүмүүстэй харилцах харьцаа гээд тэднээс суралцах зүйл их юм. Хаашаа ч явсан бүгд л хүнтэй эелдэг харьцан үргэлж сайхан инээмсэглэлээр угтан авч байгаа нь их таалагдсан. Тайланд улс гэхээр л аялал жуулчлалын хувьд л их хөгжсөн орон гэж боддог байлаа. Яг очоод үзэхээр газар тариалан, хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, аялал жуулчлал гээд бүх салбар л хурдацтай хөгжиж явааг харлаа.

 

 

Бүх улс оронд л ямар нэг тулгамдсан асуудлууд, хямрал, өвчин эмгэг гэх мэт янз бүрийн саад байсаар ирсэн. Энэ бүгдийг давж гарч чадсан энэ их туршлагаас л бид суралцах хэрэгтэй юм байна гэх ойлголттой ирлээ. Ядаж л хүнтэй зөв харьцаад, өөрийн хийж байгаа зүйлд сэтгэлээсээ хандаж чадвал бид ихийг бүтээж чадах юм байна. Бүх зүйл л жижгээс эхэлнэ шүү дээ.

 

 

Сая таны оролцоод ирсэн хурал, туршлага солилцох аялалын талаар сонирхуулна уу?

 

 

Дэлхийн ХЗХ-ын Холбооноос Тайланд улсын Бангког хотноо зохион байгуулсан “ХЗХоршоог дэмжих хөтөлбөр-2018”-д оролцлоо. Энэ хөтөлбөрт маань АНУ, Австрали, Канад, Ирланд, ДХЗХХ болон Aзийн ХЗХ-ын Холбооны 50 гаруй гишүүд оролцсон. 2018.07.23 – 2018.07.28 ний хооронд зохиогдсон энэхүү хөтөлбөрийн хүрээнд :

 

 


  1.     
  2. Дэлхийн хадгаламж зээлийн хоршоодын цаашдын ирээдүй

  3.     
  4. Хадгаламж зээлийн хоршоодын хөгжил, хоршил

  5.     
  6. Хадгаламж зээлийн хоршоодын тогтвортой байдал

  7.     
  8. Азийн Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг өргөжүүлэх, боловсронгуй болгох ажлууд хийж байна.


  9.  

 

 

АХЗХХ-нд харьяалалтай 22 орны 50 сая гаруй гишүүнтэй 34’000 гаруй ХЗХ-д үйл ажиллагаагаа явуулдаг. Азид бол ХЗХ-ын тоо Америк Европтой харьцуулахад олон байна л даа. Гэвч нөөц боломж, хадгаламж хуримтлал, эргэлтийн хөрөнгө гэх зүйлсийн хувьд харьцангуй бага юм. АНУ, Канад гэхэд л 6’000 орчим ХЗХ-тэй бөгөөд 108 сая гаруй гишүүнтэй байгаа юм. Юу гэх гээд байна вэ? гэхээр Азид цөөхөн гишүүнтэй олон жижиг хоршоод олон байна гэж ойлгогдсон.

 

 

Иймд хоршоог чанаржуулах үүднээс:

 

 

Гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх

 

 

Нийтэд таниулах сурталчилах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх

 

 

Орлогыг, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх

 

 

Олон төрлийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай болох

 

 

Эргэлтийн хөрөнгө, хуримтлалыг нэмэгдүүлэх

 

 

Зах зээлийн эрэлт хэрэгцээг судлах, мэдрэх гэх мэтчилэн маш олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр бид үйл ажиллагаагаа өргөжүүлж болно.

 

 

Тайландад Хадгаламж зээлийн хоршоо хэзээ үүсээд ийм хөгжлийн түвшинд очсон юм бол. Энэ талаар мэдээлэл өгнө үү.

 

 

Тайландын засгийн газраас орлого багатай иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг багасгах  зорилгоор 1916 онд анхны ХЗХ байгуулсан байна. Нэг ийм жишээ байгаа юм. 1990-ээд оны Азид тохиосон хямрал Тайланд улсын эдийн засагт хүнд цохилт болж байсан. Хүмүүс амьдрахын тулд хүү өндөртэй зээлийг ихээр авч байж. Энэ бүхнээс гарах гэж олон жилийн хугацааг туулснаас гишүүдийн хоршоонд оруулах хувь нэмэр багассан нь хоршоодод ч бас нөлөөлсөн. Зөвхөн зээл, хадгаламж гэсэн үйлчилгээнүүдээс гадна бусад олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй гэх ойлголтыг авч, үйлчилгээний олон төрлийг нэвтрүүлэх болсноор гишүүдийн тоо ч нэмэгдсэн.

 

 

2006 онд Тайландын эдийн засаг тогтворжин дахин сэргэж эхэлсэн. Үүнд ХЗХ-дын оролцоо ч асар их байгаа юм. Төр ч улсынхаа Хоршооллын салбарыг анхааран ажиллаж чадаж байна л даа. ХЗХ-д нь улсынхаа ХАА, Хоршооллын яаманд харьяалагдан ажилладаг ба хоршоод нь өөрсдийн гэсэн хоршооллын тухай хуулийг мөрддөг. Тайланд улсын хүн амын 18 гаруй хувь нь ямар нэг ХЗХ-д харьяалагддаг гэхээр хоршооллын салбар нь  улс орныхоо эдийн засагт чухал байр суурийг эзэлдэг байгаа юм.

 

 

 

 

Энэ хөтөлбөрийн хүрээнд Тайландын ХЗХоршоодын үйл ажиллагаатай танилцаад явж байхад гишүүдэд зориулсан олон төрлийн сургалтууд, төрөл бүрийн зээлийн уян хатан нөхцөл, бизнесийг өргөжүүлэх таниулах боломж гэх мэт хүмүүсийн аж амьдралд хэрэгтэй олон талын үйл ажиллагааг санал болгож байсан. Нийтлэг ажиглагдсан хэд хэдэн зүйл байсан л даа.

 

 

Бидний очсон “Сан Петрийн ХЗХ” гэхэд олонд танигдсан тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа хоршоо байгаа юм. Бусад хоршоотой хамтарч ажиллаж байгаа арга барил нь их таалагдсан. Хоршоо хоршоондоо зээл олгох, өөр төрлийн үйлчилгээг хамтарч хийх, хоршооны үйл ажиллагаа явуулахад санхүүгийн зөвлөгөө өгөх гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг явуулж байсан.

 

 

Хоршооны гишүүдийн санаачилсан бизнес үйл ажиллагааг маш сайн дэмжин ажиллаж байна. Гишүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дотоод зах зээлдээ болон бусад улс орнуудад таниулан борлуулж, боломжит бүх нөхцөлөөр хангаж чадаж  буй нь тухайн хоршоо болон гишүүдийн нэр хүндийг өндөрт өргөж чадаж байна.

 

 

Манайд бол энэ зүйл дутмаг шүү дээ. Манай хоршооны хувьд л гэхэд гишүүдийн бэлтгэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад төвөгтэй байдаг. Хүмүүс тэр бүр дэмжих нь бага, зах зээл хомс гэх юм уу даа. Үүнээс болж гишүүдийн чадавх багасдаг. Бүтээгдэхүүнийг нь борлуулаад хамтран ажиллая гэхээр итгэхгүй байх тал ажиглагддаг.

 

 

 

 

Төрөөс үзүүлж буй үйлчилгээг иргэд /гишүүд/ хоршоогоороо дамжуулан авч байна. Төр болон хоршоо хамтарч ажиллаж чадаж байна.

 

 

Ер нь манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа ХЗХ тэр бүр төрөөс дэмжлэг авах нь ховор. Төрөөс гаргасан хууль байх ч тэр бүр ХЗХ-г ойшоодоггүй. Гишүүдийн нийгмийн оролцоо чадавх, санаачлага, хоршоог үнэлэх үнэлэмж өндөр юм. Хөгжил дэвшил, хүн амын нягтаршил гэх мэт хүчин зүйлүүдээс шалтгаалаад ч юм уу гишүүд, үйлчлүүлэгчид хууль дүрмээ ойлгож ягштал мөрдөж байгаа мэт санагдсан.

 

 

Мөн өөрийн хоршоонд хэрэгжүүлж болохоор бодлого, журам гэх мэт зүйл байсан уу? байсан бол дэлгэрэнгүй ярьж өгнө үү?

 

 

Байлгүй яахав, олон зүйл байсан. Манай улс эдийн засгийн хувьд  хөгжиж буй орон. Энэ бол хамгийн том боломж мэт санагдсан. Эдийн засаг хөгжсөн томоохон зах зээлтэй улс орнуудад хэдийнэ танигдсан зүйлийг дахиж сэргээнэ гэдэг амаргүй. Харин эдийн засаг хөгжиж буй орнуудад бол тийм биш. Өндөр хөгжилтэй улс орнуудаас жишээ авч, туршлага судалж болно. Тайланд л гэхэд эдийн засгийн хувьд хурдацтай хөгжсөн орнуудын нэг. Эдийн засгийн хөгжлийн үедээ ХЗХ-г иргэдэд зөв таниулж чадсан мэт санагдлаа. Жишээ нь: Төрийн үйлчилгээг ХЗХ-оор дамжуулан иргэдэд хүргэж байгаа нь тухайн улсад ХЗХ өндөр хэмжээнд үнэлэгдсээр ирснийг харуулж байна.

 

 

Тайландад л гэхэд ХЗХ нь 100 гаруй жилийн түүхтэй байна. Хоршооны гишүүд болон удирдлага ажилчдын энэ олон жилийн туршид бий болгож чадсан амжилт, итгэлцлийг өөрсдийн хоршоонд сайн тусгаж хэрэгжүүлж чадах юм бол манай хоршоо олон хүмүүст хүрч хоршооны үйл ажиллагааг тэлж чадна гэж үзэж байна.

 

 

Манай оронд байдаг нэг дутагдал нь хүнд суртал. Үүнийг засч болох асуудал. Тиймээс бид олон нийттэй харьцах харьцаа, цаг барих, дүрэм журмыг чандлан биелүүлэх, хоорондын итгэлцлийг бий болгох, хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун итгэлтэй байх гээд олон зүйлсийг маш сайн биелүүлэх хэрэгтэй мэт санагдсан. Энэ бол хэрэглэгч, үйлчлүүлэгчийг татах хамгийн эхний бөгөөд хамгийн чухал алхам.

 

 

Мөн хоршооны гишүүдтэй тулж ажиллах хэрэгтэй. Гишүүдийн санал сэтгэгдлийг сонсож хамтын итгэлцлийг бий болгох нь хоршооны он удаан жил оршин тогтнох суурь болно гэж үзэж байна. Төрөл бүрийн сургалт семинарыг зохион байгуулж, гишүүдтэй хамтран төрөл бүрийн зүйлийг хийж болмоор санагдсан./бизнес төсөл дээр хамтран ажиллах, зөвлөгөө өгөх/

 

 

Нэмэлт олон төрлийн үйлчилгээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Жишээ нь:

 

 

ХЗХ-ийн үйлчилгээг танилцуулсан брошур, гарын авлагатай болох хэрэгтэй. Үйлчлүүлэгчийн болон үйлчилгээний ажилтны цагийг хэмнэх юм.

 

 

Гишүүдэд хэрэгтэй бүх төрлийн мэдээлэл, материаллаг баазаар хангах, сургалт семинар зохион байгуулах г.м

 

 

Бусад ижил төрлийн үйлчилгээ явуулдаг байгууллага, хоршоонуудтай хамтарч ажиллах нь маш чухал.

 

 

Цаашлаад төрийн байгууллагуудтай хамтран, төрийн үйлчилгээг үзүүлэх арга замыг эрэх.

 

 

Гишүүдэд үзүүлэх үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх. Жишээ нь: Олон талт хадгаламжийн үйлчилгээг нэмэгдүүлэх / зорилтот хүүхдийн хадгаламж, иргэдийн энгийн хадгаламж, платиниум хадгаламж, хүүгээс хүү арвижих хадгаламж г.м /

 

 

Гишүүдэд хэрэгцээт төрөл бүрийн сургалт семинарыг зохион байгуулах, хөдөлмөрийн чадварыг сэдэлжүүлэх.

 

 

ХЗХ-г нийтэд таниулах олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах

 

 

Таны бодлоор хоршоо болон хоршихын давуу тал юу вэ? Хоршиж хамтарч ажиллахад хамгийн том бэрхшээл юу байна?

 

 

Бидний хувьд л гэхэд Монгол улсын баруун хязгаарт байдаг хоршоо. МХЗХХ, Ногоон Алт тусламжтайгаар АХЗХХ болон ДХЗХХ-оос зохион байгуулсан хөтөлбөрт оролцон өндөр хөгжилтэй орнуудын хоршоонуудтай танилцан туршлага судалж өөрсдийн ирээдүйн гарцыг харж чадсан. Энэ хөтөлбөрөөрөө бид хоршиж ажиллахын давуу талыг харуулж чадсан гэж бодож байна.

 

 

Хоршихын давуу тал гэдэг нь малчид, СБАХ, Ногоон Алт, ХЗХ, Анхан шатны хоршоо хамтран  үйл ажиллагаагаа сайжруулан санхүүгийн боломжит эх үүсвэрийг бий болгох явдал гэж ойлгож байна. Ингэж хамтарсны үр дүнд эцсийн үр ашиг нь гишүүдийнх байх болно.

 

 

Манай улсаас Архангай, Улаанбаатар, Ховдоос гээд 11 төлөөлөгч энэ хөтөлбөрт хамрагдсан. Нэг нэгнийгээ танихгүй ч гэсэн бүгд л нэг зорилгын дор нэгдэж цааш цаашдаа юу хийвэл зохих, хэрхэн хамтарч ажиллах, туршлага солилцох гээд олон зүйл дээр санал нэгдэж эх орондоо ирцгээсэн. Заримтай нь холбоо тогтоогоод эхэлсэн. Энэ нь ч хоршиж байж л бид амжилтанд хүрч, зорилгоо биелүүлж чадна гэсэн үг.

 

 

 

 

Хамтарч ажиллахад тулгарч буй бэрхшээл нь хууль эрх зүй, улс төрийн нөлөөлөл, гишүүдийн бэлэнчлэх сэтгэлгээ, бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл хомс байх явдал юм.

 

 

5жилийн дараа танай хоршоо ямар хэмжээнд хүрсэн байна гэж та бодож, төлөвлөж байгаа вэ?

 

 


  1.     
  2. ХЗХ-ны нийт гишүүдийн тоог 300-аас дээш болгох, нийгэмд үзүүлэх цар хүрээг нэмэгдүүлж үйл ажиллагааны олон төрөлтэй болох

  3.     
  4. ХЗХ-ныхоо гишүүн бүрийг хамгийн багадаа 3 сая төгрөгний хуримтлал буюу хадгаламжтай болгох. Бидэнтэй хамтарч ажиллаад бүтээгдэхүүнээ борлуулж чадсан гишүүд цөөнгүй бий. Тэднээс юу ажиглагдаж байна вэ гэхээр хуримтлал хийгээд эхэлсэн гишүүд маань хуримтлалаа улам л нэмэхийг хичээж байгаа юм. Сар бүрийн олсон орлогоосоо тогтмол тодорхой хувийг нь хийнэ, бүтээгдэхүүнээ борлуулах арга замыг эрэлхийлэх, хамтарч хийх боломжтой зүйлсийг эрэлхийлэх болсон хүмүүс цөөнгүй бий.

  5.     
  6. Хадгаламж зээлийн хоршооны нийт эргэлтийн хөрөнгийг 1 тэрбумд хүргэх. Бидний гол зорилго л гишүүдийн санхүүгийн чадамжийг дээшлүүлж санхүүгийн эрх чөлөөнд хүрэх явдал.

  7.     
  8. Төрийн үйлчилгээг ХЗХ-оо дамжуулан иргэдэд үзүүлэх. Зөвхөн арилжааны банкаар дамжуулан авдаг төрийн үйлчилгээг ХЗХ-оор дамжуулж болно шүү дээ.

  9.     
  10. Орон нутгийн мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлэх. Манай д нийтлэг байдаг л зүйл. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэхээс илүү импортын бүтээгдэхүүнийг ихээр худалдан авдаг. Бүтээгдэхүүн борлуулах зах зээл хомс гэдэг нь ч үүнтэй холбоотой. Импортын бүтээгдэхүүн ихээр орж ирнэ гэдэг нь тэр хэрээрээ мөнгөний урсгал гадагшаа гарч байгаа гэсэн үг.


  11.  

 

 

Хоршоо болон ХЗХ-ны эрх зүйн орчин амьдрал дээр хэрхэн нийцэж байна. Юуг нь засаж сайжруулах өөрчлөх хэрэгтэй байна Таны  бодлоор

 

 

Хоршооны эрхзүйн орчин зарим тал дээр амьдралд нийцэхгүй байна.  Жишээ нь: Анхан шатны хоршоог татвараас чөлөөлөх шаардлагатай гэж боддог. Арьс болон ноосны урамшуулалыг зөвхөн хоршооны гишүүдэд хоршоогоор нь дамжуулан олгодог баймаар байна.

 

 

Ярилцлага өгсөн таньд баярлалаа, Таны ажилд амжилт хүсье.

 

 

МБАНХ ТББ